Бичил санхүүгийн байгууллагуудад шинэ шаардлага тавигдана
Хүүгийн ил тод байдал, эргэн төлөлтийн чадварын үнэлгээг албан журмын шаардлага болгожээ.
Д. Оюунчимэг
Санхүүгийн зохицуулах хороо бичил санхүүгийн байгууллагуудад тавих шаардлагыг чангатгах журмын төслийг хэлэлцүүлэгт гаргалаа.
Гол өөрчлөлт нь жилийн үр ашигт хүүг гэрээний нүүр хуудсанд заавал бичих, зээлдэгчийн эргэн төлөлтийн чадварыг баримтжуулан үнэлэх хоёр шаардлага юм.
Салбарын нийт зээлийн үлдэгдэл сүүлийн хоёр жилд 34 хувиар өссөн. Хугацаа хэтэрсэн зээлийн харьцаа мөн хугацаанд 6.1 хувиас 9.4 хувь болж нэмэгджээ.
Байгууллагууд шинэ шаардлага үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж, жижиг дүнтэй зээлийн хүртээмжийг бууруулж болзошгүй гэж санал өгсөн байна.
Д. Оюунчимэг