Үндэсний дата төвийн тендерт гурван компани өрсөлдөж байна
Төрийн мэдээллийн санг гадаадад байршуулахаа болих зорилготой төслийн эхний шат энэ намар шийдэгдэнэ.
Н. Энхжин
Цахим хөгжлийн яам үндэсний дата төвийн өргөтгөлийн тендерийг зарлаж, гурван консорциум материалаа ирүүлсэн байна. Төслийн нийт өртөг 96 тэрбум төгрөгөөр тооцоологджээ.
Одоогоор төрийн байгууллагуудын мэдээллийн 40 орчим хувь нь гадаадын үүлэн үйлчилгээнд байршдаг. Мэдээллийн аюулгүй байдлын хууль хүчин төгөлдөр болсноор эдгээрийг дотооддоо шилжүүлэх шаардлага үүссэн.
Гол асуудал нь цахилгаан хангамж. Дата төвийн тогтвортой ажиллагаанд шаардагдах чадал одоогийн төвийн бүсийн сүлжээнд нэмэлт ачаалал үүсгэнэ гэж эрчим хүчний зохицуулах хороо анхааруулав.
Тендерийн үнэлгээнд байршил, цахилгааны найдвартай байдал, ашиглалтын өртөг гэсэн гурван шалгуур давамгайлж байна. Ялагчийг есдүгээр сард зарлана.
Н. Энхжин