Хадгаламжийн даатгалын хязгаарыг нэмэгдүүлэх санал хэлэлцэгдэж байна
Одоогийн 20 сая төгрөгийн хязгаарыг 50 болгох саналыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дэмжив.
Д. Оюунчимэг
Хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээг 20 сая төгрөгөөс 50 сая болгон нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна.
Одоогийн хязгаараар хадгаламж эзэмшигчдийн 94 хувь бүрэн хамрагдаж байгаа ч нийт хадгаламжийн дүнгийн зөвхөн 41 хувь нь даатгагдсан байна. Хязгаар нэмэгдвэл энэ үзүүлэлт 63 хувьд хүрнэ.
Даатгалын сангийн хуримтлал шаардлагатай түвшинд хүрсэн тул шимтгэлийн хувь хэмжээг нэмэхгүйгээр хязгаарыг өсгөх боломжтой гэж корпорацийн тооцоо харуулж байна.
Шүүмжлэгчид өндөр хязгаар нь банкуудын эрсдэл хүлээх зан төлөвт нөлөөлж болзошгүйг сануулж байна. Хяналтын шаардлагыг зэрэг чангатгах нь зүйтэй гэж үзэж байна.
Д. Оюунчимэг